МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЛЕКЦ УНШИВ.
Элчин сайд С.Сүхболд Солонгосын соёлын нийгэмлэг (Korean Culture Association)-ийн урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Залуу дипломатчидын өвлийн сургууль”-ийн шилдэг сурагчдад Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар лекц уншив.
Солонгосын соёлын нийгэмлэг нь жил бүр хичээл, сурлагын өндөр амжилт үзүүлсэн шилдэг сурагчдыг сонгон шалгаруулж “Залуу дипломатчидын өвлийн сургууль”-ийг зохион байгуулдаг бөгөөд энэ жил Сөүл, Пусан, Тэгү, Гванжү, Тэжон, Улсан зэрэг хотын Ерөнхий боловсролын дунд, ахлах сургуулийн 80 сурагч энэхүү арга хэмжээнд хамрагдсан.
Сурагчид лекц эхлэхийн өмнө Монголын түүх, соёл, уламжлалын талаар судалж, англи хэлээр сонирхолтойгоор танилцуулж буйг харахад манай орны талаар гүн судалсан нь мэдрэгдэж байв.
Элчин сайд С.Сүхболд Монгол Улс БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний нээлтийг энэхүү лекцээр эхэлж буйдаа баяртай буйгаа тэмдэглээд “хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болоод Монгол Улсын гадаад бодлого, соёл, боловсрол, иргэд хоорондын солилцоо” сэдвээр танилцуулга хийж, сурагчдаас Монголын нийгэм улс төр, ардчилал, хүний эрх, соёл, түүх, нүүдлийн соёл иргэншил, аялал жуулчлалын талаар сонирхсон асуултад хариулав.
Мөн энэ үеэр Солонгосын соёлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Самуел Жон-той уулзаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцов.
Жич: Монгол Улс БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан ЭСЯ-наас олон цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.