БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ЦУВРАЛ АРГА ХЭМЖЭЭ ЁНСЭЙ ИХ СУРГУУЛЬД БОЛЛОО
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн цуврал арга хэмжээг БНСУ-ын Ёнсэй их сургуульд энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулав.
Арга хэмжээний өмнө Элчин сайд С.Сүхболд Ёнсэй их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийн захирал Чой Ён Жүн-тэй уулзаж, төрийн албаны шинэчлэлээр туршлага судлах төрийн болон судалгааны байгууллага хооронд уулзалт, сургалтыг ирэх жил зохион байгуулах талаар санал солилцлоо.
Уулзалтын дараа Элчин сайд С.Сүхболд Ёнсэй их сургуульд бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж буй монгол оюутнуудтай уулзаж, анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг танин мэдэх, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг тайлбарлан таниулах, Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг мэдээлж, оюутнуудын саналыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгч, ярилцлаа.
Ёнсэй их сургууль нь 1885 онд байгуулагдсан, Солонгос улсын тэргүүний шилдэг их сургуулийн нэг бөгөөд 130 орчим монгол оюутан олон улсын харилцаа, төрийн удирдлага, хот төлөвлөлт, барилга зэрэг чиглэлээр суралцаж байна.
Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цуврал лекц - арга хэмжээг Солонгос улсад суралцаж буй монгол оюутнуудад зориулан Сөүлийн Үндэсний их сургуульд 12 дугаар сарын 3-ны өдөр, Кореа их сургуульд 12 дугаар сарын 4-ний өдөр, Конгүг их сургуульд 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус зохион байгуулна. Иймд дээрх сургуульд суралцаж буй оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.