БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ойг “НАМҮ” Солонгос дахь хүүхэд, гэр бүл сэтгэл зүйн төвийн Үсэглэлийн баярын хамт Элчин сайдын яамны байранд зохион байгууллаа.
Түүхэн ойн болон үсэглэлийн баярын арга хэмжээний нээлтэд Элчин сайд С.Сүхболд оролцож, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойн ач холбогдлын талаар Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, хүүхэд, багачуудад танилцууллаа.
Тэрбээр үсэглэлийн баяр нь хүн бүрийн мартагдашгүй дурсамж гээд тус улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн эх хэлээр сурч, боловсрол эзэмших боломжийг олгох үүднээс Монгол сургууль шинээр байгуулах судалгааг эхлүүлсэнээ танилцуулж, иргэдэд тулгамдаж буй бусад асуудалд анхаарч, ажиллаж байгаагаа мэдээлэв.
Энэхүү арга хэмжээнд 50 орчим монгол хүүхэд, багачууд эцэг, эхчүүдийн хамт оролцож, төрийн дуулал дуулж, цагаан толгойн 35 үсэг болон Есөн эрдэнийн шүлгийг уншиж, монгол хэлээр сурсан мэдлэгээ сонордуулав.
“НАМҮ” Солонгос дахь хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн төв нь 2023 онд байгуулагдсан бөгөөд суугаа улсад амьдарч буй монгол хүүхэд, залуус, гэр бүлд боловсрол, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан цуврал лекц - арга хэмжээг Солонгос улсад сурч буй оюутнуудад зориулан Ёнсэй их сургуульд 12 дугаар сарын 2-ны өдөр, Сөүлийн Үндэсний их сургуульд 12 дугаар сарын 3-ны өдөр, Кореа их сургуульд 12 дугаар сарын 4-ний өдөр, Конгүг их сургуульд 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус зохион байгуулна.