ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ЭРҮҮЛ МЭНД, ХАЛАМЖИЙН БАЙНГЫН ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.
Элчин сайд С.Сүхболд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн Байнгын хорооноос зохион байгуулсан “Ази-Номхон далайн бүс нутгийн эрүүл мэндийн хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцов.
Дугуй ширээний уулзалтад Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн Байнгын хорооны дарга Пак Жү Мин тэргүүтэй тус Байнгын хорооны гишүүд оролцсоноос гадна суугаа улсын Эрүүл мэнд, халамжийн яам, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх агентлаг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/, Үндэсний даатгалын ерөнхий газар, Олон улсын эрүүл мэндийн сан зэрэг холбогдох байгууллагын удирдлага оролцов.
Энэхүү уулзалтад БНСУ-д суугаа Филиппин, Лаос, Узбекистан, Индонези, Вьетнам, Шри-Ланка зэрэг улсын Элчин сайд нар мөн оролцов.
Элчин сайд С.Сүхболд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтууд хийгээд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар танилцуулав. Түүнчлэн, Үндэсний Ассамблейн гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөгчдөд хандан эмчилгээний зорилгоор БНСУ-ыг зорин ирж буй монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлд онцгой анхаарал хандуулахыг хүсэв.
Уулзалтад оролцсон Эрүүл мэнд, халамжийн Байнгын хорооны гишүүд Элчин сайд нарын дэвшүүлсэн саналыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чиглэлд цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.