images

ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДӨРӨВ ДЭХ ШАТНЫ ХЭЛЭЛЦЭЭ СӨҮЛ ХОТНОО ЭХЭЛЛЭЭ.

Үйл явдлын мэдээ

2024-11-27

274

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд байгуулах Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дөрөв дэх шатны хэлэлцээ Сөүл хотноо 2024 оны 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд болж байна.
 
Хэлэлцээний нээлтэд монголын талыг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Сүхболд, солонгосын талыг төлөөлж Худалдааны асуудал эрхэлсэн дэд сайд Жон Ын Гюу нар оролцож, үг хэллээ.
 
 
Нээлтийн үгэнд Дэд сайд Жон Ын Гюу “хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа өсөн нэмэгдэж, цаашид бараа нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаа улам өргөжүүлэн тэлэх боломжтой байна”.
 
Элчин сайд С.Сүхболд “хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарт өргөжиж байгаа, талууд хэлэлцээрийн төслийг бүлэг тус бүрээр хэлэлцэж, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан байгуулах ёстой” гэдгийг онцлов.
 
 
Энэ удаагийн хэлэлцээнд монголын талыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Оюуны өмчийн газар, Монгол банк зэрэг байгууллагын 50 орчим төлөөлөгч оролцож, барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, барааны гарал үүслийн дүрэм, гаалийн үйл ажиллагаа, төрийн худалдан авалт зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
 
Хэлэлцээрийн төслийн анхан шатны хэлэлцээг Сөүл хотноо 2023 оны 12 дугаар сард, хоёр болон гурав дахь шатны хэлэлцээг Улаанбаатар хотноо энэ оны 5, 9 дүгээр сард тус тус зохион байгуулсан.